Гоо зүй
мэдрэмжийн
боловсрол

Гоо зүй-мэдрэмжийн боловсрол ГЭЖ ЮУ ВЭ?

Г

оо зүй-мэдрэмжийн боловсрол бол хүний насан туршдаа эзэмших боловсрол бөгөөд хувь хүний юуг таашаан хүлээн авах, юуг хүлээн авахгүй байх талаарх суурь ойлголтуудыг төлөвшүүдэг ба сайн, сайхан бүхнийг үлгэрлэн дуурайх, өрөөл бусдыг хайрлах, ирээдүйдээ итгэлтэй, аз жаргалтай амьдрах түлхүүр нь болж өгдөг.

Гоо сайхны болон урлан бүтээх үйл ажиллагааны олон талт байдлыг задлан шинжилж түүний дотоод холбоо, мөн чанарыг нээн ойлгоход шаардагдах мэдлэг чадварын цогцыг гоо зүй-мэдрэмжийн боловсрол гэнэ.

Оюун ухаант хүн бий болж хүрээлэн байгаа орчин, бодит байдлыг тусган авч, ухамсарлаж эхэлсэн үеэс гоо сайхны мэдлэгийн эх үүсвэр тавигдсан. Дэлхий ертөнц даяарчлагдан, нийгмийн харилцаанд мэдээллийн технологи, техникийн дэвшил нэвтрэх тусам хүний байгалиас заяагдмал төрөлх шинж саармагжиж, амьдралын үнэт зүйлсийн тухай ойлголт өөрчлөгдөн, хүн байгалийн зүй зохист харилцаа, төсөөлөл, мэдрэмж, хүний оршихуйн үнэ цэнэ, сайн сайхны талаарх ойлголтууд, хүртэн мэдрэх чадвар өөрчлөгдөж байна. Иймд өнөөдөр дэлхий нийтийн хөгжлийн чиг хандлага цэвэр ариун байгаль орчин, хүмүүсийн зөв сайн сэтгэлгээ рүү илүү чиглэж байна. Эрүүл, зөв сайхан сэтгэлгээтэй хүмүүс л энэ дэлхийгээ хайрлаж, бие биенээ хүндэлж, улс орноо зөв сайнаар хөгжүүлж чадна. Энэ бүхний үндэс нь гоо сайхны боловсрол, хүмүүжил юм.

Гоо сайхныг зүрх сэтгэлээрээ мэдэрч чаддаг хүмүүс, бусдыг үзэн ядаж, хараан зүхэж, гутаан доромжилж, бусдыг хүчирхийлэн дарамтлахыг хүсддэггүй. Аливаа юмс, үзэгдэлийн гоо сайхныг ойлгодог, мэдэрдэг, биширдэг, бахархадаг хүний зүрх сэтгэл уярал хайр, ухааран нигүүлсэхүйн их мэдрэмжээр цалгилж байдаг тул бусдын өөдөөс гар далайж, буу онилж, хутга мэс хэрэглэж чаддаггүй. Иймээс “гоо сайхан ертөнцийг аварна” гэдэг алдарт хэллэг гарсан билээ.

Агуулгын хүрээ

Хүн бүр байгаль, нийгмийн зүй зохист хамаарал, түгээмэл гоо сайхныг танин мэдэж, энэхүү төсөөлөл, мэдрэмжээ хүн-байгаль, хүн-нийгмийн харилцаанд бодитойгоор тусган хэрэгжүүлэх, аливаа урлагийн бүтээлээр дамжуулан хүний оршихуйн үнэ цэн, сайхныг түгээн дэлгэрүүлэх, хүртэн мэдрэх чадвар эзэмшихэд чиглэнэ.

Зорилго

Насанд хүрэгчдийн гоо зүй-мэдрэмжийн боловсролын талаарх мэдлэг чадварыг дээшлүүлэх, улмаар нийгэмд бие даан амьдрах чадвар бүхий өөртөө итгэлтэй, сэтгэл дүүрэн иргэнийг төлөвшүүлэх, тэдний амьдралын чанарыг дээшлүүлж, нийгмийн баталгааг хангах

Зорилт
  • Гоо зүйн мөн чанар, сайхан ба муухай, гайхамшигтай ба гутамшигтай, эмгэнэлт ба инээдэмтэй зэрэг гоо зүйн үндсэн ухагдахуунуудыг зөв, эерэг талаас нь ойлгуулж, итгэл үнэмшил төлөвшүүлэх
  • Байгалийн сайхан, нийгмийн сайхан, аж байдлын сайхан, урлагийн сайхан г.м бүхий л сайхан зүйлсийг мэдэрдэг, сайхны хэм хэмжээг баримтлах хүсэл сэтгэлийг төлөвшүүлэх
  • Нийгэмд өөртөө итгэлтэй, сэтгэл дүүрэн, өөрийн дотоод болон гадаад гоо үзэсгэлэнгээ улам гэрэлтүүлэх чадвартай болгох
  • Өөрийн авьяасыг нээх, хөгжүүлэх, сурах арга барил эзэмших, бие даан амьдрах чадвартай болгох
  • Урлагийн төрөл, зүйл, урсгал, чиглэлүүдийг ойлгох, мэдрэх чадвартай болгох
  • Гоо зүйтэй, мэдрэмжтэй, оюунлаг, хүнлэг, “зөв хүн”-иргэн болж төлөвшүүлэх

2015 онд “Гоо зүй мэдрэмжийн боловсрол”-ын
чиглэлийн хийх ажлын төлөвлөгөө